Friday, August 20, 2010

Бошог хэмээх vгийн учир

"Vгэнд нэг учир буй, vхэрт нэг гиваан буй" хэмээх хуучин vг байдаг. Чихэнд сонстох, нvдэнд vзэгдэх vг vсгийн цаана буй ухагдахууныг бодож болгоож байхыг сануулсан хэллэг юм.







сурталчилгаа »

Vгийн утгыг нарийн тунгаах хэмээвээс, єєрийн эрхгvй судар шастираа л уудлах хэрэг гардаг. "Бошог" хэмээх vг ивээл хишиг, зарлиг зєвшєєрєл, эш vндэс хэмээсэн гурван гол утгатай билээ. Энэхvv гурван зvйл утгаас vvдэж гарсан тогтвортой холбоо vгийн зvйл нэлээд буй. Тухайлбал: "бошог vзvvлэх" - ирээдvйг зєгнєн айлдах, "бошог халагдах" - хаан тєр солигдох, "бошог гуйх" - зарлиг зєвшєєрлийг хvсэх, "бошог соёрхох" - зарлиг буулгах, зєвшєєрєл єгєх, ирээдvйд мєрдєх зохист айлдвар айлдах гэх мэт ажээ. Монгол хэлний хуучин тайлбар тольд "Аливаа хаан хvнийг, тэнгэрээс заяасны тулд тэнгэрийн бошгоор цагийг ззэлсэн хэмээмvй" хэмээн тайлжээ. "Тэнгэрийн бошгоор цагийг эзэлсэн" хэмээх тогтсон vг Манж Чингийн vеийн бичиг зохиолд тун элбэг тохиолддог. Vvнтэй холбогдон єгvvлэхэд, Ардын хувьсгалын vед "бошгийг халах" хэмээх vг гарсан бєгєєд тэнгэрийн бошог зарлигийг єєрчилж, хаант тєр засгийг солих хэмээсэн утгаар хэрэглэсэн ажгуу.

Монголын тvvхэн сурвалж бичиг тэргvvтэнд "бошогт" хэмээх цол тохиолддог. Хэн бvхний
мэдэхээр Ойрадын Галдан бошогт хан хэмээхэд тохиолдож буй "бошогт" болбоос V Далай ламаас соёрхсон цол билээ. Тєвдєд олон жил сууж, ном эрдэмд бузгайрч, V Далай лам тэргvvтний гvн тааллыг олсон Галданыг шараа шувталж (сахилаа єргєж), Ойрадын тєр улсыг тєвхнvvлэх эрх олгосон тул эш зарлиг, соёрхлыг олсны бат гэрч болгож, "Бошогт" хэмээх цол хайрласан ажээ.

Судар шастирт "вивангирид vзvvлэх", "эш vзvvлэх" хэмээх vг цєєнгvй гардаг, тvvнийг тєвдєєр "лvндэн" гэдэг. Бас "эш бошог vзvvлэх" хэмээн холбож хоршин бичсэн ч байдаг. Мєн тvvхэн сурвалж, архивын баримт сэлтэд "Бошогт жонон" хэмээх цол тохиолддог бєгєєд энэ нь ор залгамжлахаар зарлиг хvлээсэн хаад ноёдын хєвгvvнийг тийн нэрийддэг байжээ.

"Бошог" хэмээх vг нь эртний уйгур хэлэнд ч адил дуудлага, утгатай байсныг тэмдэглэе.
Тєгсгєлд нэгэн зvйлийг тодотгон єгvvлэхэд, манж хэлнээс орж ирсэн "бошго" (манжаар "бошоку", утга нь "хєєгч" болно) хэмээх байдаг бєгєєд хошуу тамгын газрын алба хєєж нийлvvлэх зарлагын албатай хvнийг нэрлэдэг байсан. Vvнийг єгvvлэхийн учир бол "бошог", "бошго" хоёр нь гарал, дуудлага, бичлэгээрээ эрс єєр тул ялган бичиж, ухаарч байхын чухлыг сануулахын тул болой.

(Ардын эрх 179/711)
МУИС-ийн профессор Ш.ЧОЙМАА

No comments:

Post a Comment