Friday, August 20, 2010

Сартуул Овгийнхны Талаар

Түүхийн эх сурвалжаас харахад Сартуулууд нь эзэн Чингис хааны болон хаан хөвгүүдийнх нь төр барих үед дундад Азиас одоогийн Узбекстан, Афганистан, Тажикстаны нутгаас олноор нүүлгэн авчирч суурьшуулсан урчууд дархчууд тэдний удам ажээ. Энэ нь ч үнэхээр тийм бололтой. Харин яагаад чухам Сартуулууд гэж дуудах болов? Гадаад дотоодын эрдэмтдийн судалсанаар бол

Үгийн гарал үүслийн хувьд Сарт гэдэг үг нь худалдаачид, жинчид гэсэн эртний энэтхэг үгнээс гаралтай ба 8-9-р зууны үеэс дундад Азид хэрэглэгдэх болсон аж. Тухайн үед дундад Азид амьдарч байсан түрэг, перс гаралтай, суурьшмал амьдралтай хүмүүсийг Төв Азийн нүүдэлчин түрэг, Монгол гаралтай хүмүүс Сарт-ууд хэмээн нэрлэж байжээ. Сарт гэдэг нь ямар нэгэн овог аймаг, гарал үүсэл нэгдмэл хүмүүсийн нэр биш, харин гарал үүслээсээ үл хамааран тухайн үед дундад Азид байсан суурьшмал амьдралтай хүмүүсийг нэрлэсэн нэр бололтой гэж зарим судлаачид үзжээ.

Юутай ч гэсэн Сарт хүмүүсийн гарал угсаа нь 8-9 зуунд дундад Азид амьдарч байсан түрэг, перс (иран тажигк) хүмүүс, дараа нь 16 зуунд тэднийг шахан зайлуулж Алтайн нуруу орчмаас түрж ирсэн бас нэгэн түрэг аймаг болох өнөөгийн Узбек гэж нэрлээд байгаа (Уйгур гаралтай хүмүүс) хүмүүстэй холбоотой аж. Гэхдээ өнөөгийн Узбекуудийг уугуул сартуулууд гэж үзэж болохгүй ба, узбекуд ч нутгийн уугуул сарт-ууд болон өөрсдийн ялгааг гаргаж чаддаг байсан байна.

Чингис хааны байлдан дагуулалтын үед төв Азийн Монгол, түрэг нүүдэлчин овгууд хүчирхэгжих үед, сарт хэмээх үг нь ялагдсан дийлэгдсэн суурьшмал амьдралтай хүмүүсийн нэр байснаас тийм ч сайхан сонсогдож байгаагүй бололтой. Ямартай ч гэсэн Чингис хааны дундад азийн Хорезмийн улсад хийсэн дайн нь Сарт-уудын эсрэг хийсэн дайн байсан ба, энэ дайнд ялагдсан, бид бүхний мэдэх Хорезмийн шах нь Сарт хүн байжээ.


Дундад Азид Оросын нөлөө өргөжиж эхэлсэн 19-р зуунаас эхлэн Оросууд Сарт гэдэг үгийг өргөнөөр хэрэглэх болж дундад азийнхнийг (Туркменстан, Узбекстан) нэлэнхүйд нь Сарт гэж нэрлэх болжээ. Сонирхолтой нь Сарт гэдэг үг нь 1924 оныг хүртэл хэрэглэгдсээр байсан ба Зөвлөлт Холбоот Улсын үед Сарт гэдэг үг нь доромжилсон, доорд үзсэн үг гэж үзээд сарт хүмүүсийг сарт-ууд гэж дуудахыг хориглосон байна. Тэгээд дундад азийнхнийг угсаатны гаралаар нь ялган зааглаж Туркменстан, Узбекстан гэж нэрлэх болжээ.

Манайхны хувьд 13 зуунд Хорезмийн хааны албатуудаас нүүлгэн ирсэн Сарт хүмүүсийг Сартууд буюу Сартуул-ууд гэж нэрлэсээр байсан ба сүүлд Манжийн захиргааны үед хошуу болон хуваагдахад Цэцэн Сартуулын Хошуу болон Халхын Засагт Ханы захиргаанд орсон байна.

Монголчуудын Халх Ойрдын хуваагдлын үед сартуул овогтнууд Халхын нэгэн тулгуур хэсэг байсаар байсан ба үнэнч хичээнгүй, цэцэн саруулаараа алдартай хүмүүс байдаг аж. Халхад төрсөн найман хутагт болон манай улсын түүхэн дэх хоёр ерөнхийлэгч нар Сартуул овгийн хүмүүс ажээ. Тэгээд ч зүгээр ч нэг Цэцэн Сартуулын Хошуу гээд нэрлэчээгүй л байх л даа.

Монголын овог үндэстнүүд нь бидний санаж байснаас нэлээд өвөрмөц, олон янзын гарал үүсэлтэй хүмүүсээс бүрдэх ба үүний нэг жишээ нь сартуулууд юм. Царай зүс гаднах дүр төрх, зан заншлын хувьд Сартуулууд нь Халх, Буриад, Торгууд зэрэг бусад овог аймгуудас ялгарахгүй. Энэ нь он удаан жил хэдэн зуунаар суурьшиж нутгийн хүмүүстэй холилдсонтой холбоотой байж ч болно, эсвэл угаасаа дундад Азид суурьшмал амьдарч байсан нүүдэлчид (хожим нь сарт-ууд болсон) нь 5-6 зуунаас эхлэн дараалан Монгол нутгаас баруун тийш нүүдэллэсэн өнөөгийн бидэнтэй төстэй Монгол түрэг гаралтай хүмүүсийн угсаа байсан байж ч болно. Тийм тохиолд олзны сарт-ууд нь 13-зууны Монголчуудаас бие дүр төрхийн хувьд эрс тэрс ялгараад байгаагүй ч байж болно. Өөрөөр хэлбэл нутгаасаа гарч яваад хэдэн зууны дараа, нутагтаа буцаад ирсэн нөхдүүдийн хувьд нэг их ялгараад байх зүйл байгаагүй, эсвэл буцаад холилдоход хялбар байсан байж ч болно.

Нийтлэлийг бичсэн Тайж овгийн БС.

No comments:

Post a Comment